Хангён Үндэсний Их Сургууль


Хангён Үндэсний Их Сургуулийн танилцуулга

Хангён үндэсний их сургууль нь 1939 оны 3 сарын 24 ны Кёнги аймгийн Согжон дүүрэгт байгуулагдсан. Тухайн үед улс, нийгэмд нэн тэргүүнд шаардлагатай байсан хөдөө аж ахуйн боловсролыг чухалчлан авч үзэж сургуулиа бүтээн байгуулсан байдаг.

Олон жилийн хөгжлийн үр дүнд 1999 оны 3 сарын 1-нд “Хангён үндэсний их сургууль” болон өргөжсөн бөгөөд өндөр ур чадвар бүхий бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэхийн тулд дараах боловсролын зорилгыг хэрэгжүүлж байна. Үүнд, өргөн хүрээтэй цогц мэдлэг чадварыг эзэмшсэн мэргэжилтэн, улс нийгэмд хувь нэмэр оруулах чадвар бүхий олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчыг бэлтгэнэ хэмээжээ. Хангён их сургуулийн алсын хараа нь “Чадавхитай боловсон хүчний нөлөөгөөр ирээдүй руу тэмүүлэх Кёнги аймгийн тулгуур сурууль” болоход оршино.

Түүнчлэн их сургуулийн статусийг бэхжүүлэх ажлын хүрээнд их сургуулийг нэгтгэх, суралцах талбарыг шинээр бий болгох, ногоон хотхоныг шинэчлэх, өргөтгөх, гадаад орчинд брэнд сурталчилгааг сайжруулах ажлууд хийгдэж байна.

 

Гадаад харилцаа, солонгос хэлний сургалтын төв

Гадаад оюутнуудад зориулсан Англи, Хятад болон Солонгос хэлний программ хэрэгжүүлдэг. Өнгөрсөн жил нийт 446 оюутан дээрхи программд хамруулсанаас  оюутан солилцоогоор 49 оюутан, гадаад хэлний бэлтгэлд 93 оюутан, солонгос хэлний бэлтгэлд 262 оюутан, гадаадад мэргэжил дээшлүүлсэн 65 оюутан, КОЙКА хөтөлбөрт 26 оюутан хамрагдсан байна. Мөн солонгос хэл сурах хүсэлтэй гадаадын иргэн, БНСУ-д оршин суугаа гадаадын иргэдэд солонгос хэлний сургалтыг байнга явуулдаг. Солонгос хэлний хичээл нь жилийн зун, намар, өвөл, хаврын улиралд (тус бүр 200 цаг) анхан, дунд, гүнзгий шатаар, анги дүүргэлт 12-13 оюутан байхаар төлөвлөгдсөн байдаг. Хэлний бэлтгэлд дүнгээр шилдэг оюутанд тэтгэлэг олгогдох бөгөөд бүх гадаад оюутнуудыг даатгалд хамруулдаг.

Дотуур байр, хотхон

Сүүлийн жилүүдэд их сургуулийн хотхоны цэцэрлэгжүүлэлт, шинээр барих байгууламжуудад ихээхэн анхаарал тавьж ажиллалаа. Үүний үр дүнд оюутны дотуур байрны хүрэлцээ сайжирч, гадаадын профессор багш нарын байртай болсон. Одоогоор нийт 856 оюутан дотуур байранд амьдрах боломжтойгоос Хуёнгван байр 390 оюутан, Пибунгван байр 214 оюутан, Чанжугван байр 182 оюутан, Грийн нагнун байр 70 оюутан хүлээн авах чадалтай. Үүнээс гадна дотуур байр бүр уншлагын танхим, компьютерийн өрөө, угаалгын өрөө, ариун цэврийн өрөө, цайны газар, чийрэгжүүлэх өрөө зэрэг оюутнуудад зориулагдсан тав тухтай орчинг бүрдүүлсэн байдаг. 

Хангён их сургуулийн төв номын сан 1965 оноос хойш профессор, оюутан, ажилчдын  эрдэм шинжилгээ, судалгаа болон  онолын мэдлэгийг дээшлүүлхэд  дэмжлэг үзүүж байна. Одоогийн байдлаар 42 бүлэг номын сангаас дотоодын 15000 орчим номтой ба салбар тус бүрт цуврал хэвлэлийн материал, аудио ном зэрэг үзүүлэх материалтай болсон байна. Мөн түүнчлэн групп сургалт явуулах, семинар зохиох, видио лекцийн хичээл явуулах бүрэн боломжтой цахим мэдээллийн танхимтай.

 

Оюутны чөлөөт цаг

Оюутнууд өөрийн хүссэн дугуйлан, секцэд элсэн суралцах боломжтой. Аялал жуучлал, түүх ёс заншил, зохион байгуулах менежментийн дугуйлан, хөл бөмбөг, сагсан бөмбөг, теннис, театр, орчин үеийн хөгжим бүжиг, гэрэл зураг, хошин урлаг, зэрэг спорт, соёл урлагийн дугуйланд хамрагдаж их сургуулийн амьдралынхаа сайхан дурсамжийг өөртөө үлдээж болно.

Жил бүрийн улирлын эхэнд сонгогдсон оюутны сурталчилгааны багийн гишүүд ахлах сургуулийн төгсөх ангийнханд сургуулиа сурталчилах, гадаад, дотоод арга хэмжээ, бусад үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог.

 

Сургуулиас гаргасан эмхэтгэл